Эрдмийн ундраа сургууль 2026–2027 оны хичээлийн жилд 5,700 гаруй суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 35 суралцагч боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдан суралцаж байна.

Үүнээс хичээлийн III байранд 15 суралцагч суралцаж байгаагаас 83 хувь нь бага боловсролын түвшинд суралцаж байгаа бол бэрхшээлийн хэлбэрээр нь авч үзвэл 80 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй суралцагчид байгаа юм.

Манай сургууль 2024–2025 оны хичээлийн жилд хичээлийн II байранд боловсролын ялгаатай хэрэгцээтэй суралцагчдын онцлог, хэрэгцээнд нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байсан бол 2026–2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралтын хугацаанд сургуулийн захиргаа, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр хичээлийн III байранд орчин нөхцөлийг шинээр бүрдүүллээ.

Тус орчныг тохижуулахдаа БШУС-ын А/249 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагаанд баримтлах чиглэл”, БЕГ-ын даргын А/81 дүгээр тушаалаар батлагдсан ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайд тавигдах шаардлагыг тус тус чиглэл болгон ажиллалаа.

“Тайвшруулах өрөө"-нд суралцагчдын мэдрэхүйн ачааллыг бууруулах, сэтгэл хөдлөлөө зохицуулах, зан үйлийн эерэг чадварыг хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, мөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

Хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээг хүндэтгэн хөгжил, оролцоог дэмжсэн хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд хамтран ажилласан багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ талархал илэрхийлье.

 

https://www.youtube.com/shorts/wAJGZNHJ9hQ

ЭРДМИЙН УНДРАА СУРГУУЛИЙН ЗАХИРГАА,

ДЭМЖЛЭГИЙН БАГ

ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛЭГ